ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ХӨГЖИХ БАЙРТАЙ БОЛЛОО
ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ХӨГЖИХ БАЙРТАЙ БОЛЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өчигдөр /2019.07.04/ Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг бий болгож буй үйл явцтай танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болсон. Энэ оны гуравдугаар сараас тендерт шалгарсан “Ванхүү” ХХК барилгыг эхлүүлэн, гурван давхар, олон тохилог өрөө тасалгаа бүхий барилгыг дуусган, хэд хоногийн дараа улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, “Ийм төв байгуулах санаачилга гаргаж, төсөвт хөрөнгө тусгуулж, бүрэн дуусгахад идэвхиийлэн ажилласан М.Оюунчимэг гишүүнд болон энэ жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээг ийм богино хугацаанд бодитой ажил болгосон барилгын гүйцэтгэгч компанийнханд талархаж байна.  

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн гэсэн нэгдсэн байртай болох нь олон талын ач холбогдолтой. Аймаг, дүүрэг, сумдад ийм төвүүд байгуулах ажлын үлгэр жишээ, эхлэл нь энэ ажил болох юм байна. Цаашид төвийн үйл ажиллагаа жигдэрч, энд олон үйлдвэрлэгч үйлдвэрлэл явуулж, өсөж өндийж, зах зээлд танигдаж, бүтээгдэхүүнээ борлуулж дунд, том үйлдвэр болж дэвжих гарааг тавина.  

Үйл ажиллагаа нь эхэлсний дараа манай яам мэргэжлийн талаас байнга дэмжиж тусална. Том үйлдвэрүүдтэй хоршиж ажиллах, олон улсын зах гээлд гарахад, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлд хамрагдахад бодлогын хэмжээнд тасралтгүй хамтарч ажиллана. Энэ бололцоо нөхцөл нээлттэй. Үйл ажиллагаагааг нь идэвхитэй явуулах тал дээр салбарын яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал. Ингэснээр цаашид үйлдвэрлэгчидтэй илүү ойр ажиллах шинэ хэлбэр болно гэж бодож байна. Энэ жишгээр манай бусад гишүүд ажиллаасай” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, “Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 780 өрх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэдний хүсэж, хүлээж байгаа зүйл бол үйл ажиллагаа явуулах байр. Тиймээс өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлагаар холбогдох газруудтайгаа хамтраад гэр хороололд өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болж байна” гэв.

Төвийн энэ байшинд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ явуулж, орлогоо нэмэгдүүлэн, ажлын байр бий болгож, өргөжин хөгжиж, бойжих бөгөөд  барилгыг орон нутгийн өмчид шилжүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв. ​

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих