П.ЭРДЭНЭБАТ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ХҮЙ ДОЛООН ХУДАГ ОРЧМЫН 24 БАЙРШИЛД КАМЕР АЖИЛЛУУЛНА
П.ЭРДЭНЭБАТ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ХҮЙ ДОЛООН ХУДАГ ОРЧМЫН 24 БАЙРШИЛД КАМЕР АЖИЛЛУУЛНА

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, наадамчин олны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажилах вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн долдугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Хамгаалалтад нийт хэдэн албан хаагч ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
-Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408,  Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500,  нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400  сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллана.

Гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих