ЗАЛУУС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ
ЗАЛУУС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ

Сувилуулах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” юм.

Урин дулаан зун цаг ирэхтэй зэрэгцэн амралт, сувиллын газрыг зорих урсгал нэмэгддэг. Гэхдээ сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр рашаан сувилалд явах эрхтэй гэдгийг та мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой болохыг албаны хүмүүс хэлж байна. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг тусламж, үйлчилгээг өөрийн эрэлт хэрэгцээнд тохируулан авах боломжтой. Тиймээс рашаан сувиллын тусламж үйлчилгээг авах эрх нь бүрэн нээлттэй. Зөвхөн ахмад настнууд амарна гэсэн журам байхгүй учраас нас харгалзахгүй гэсэн үг. Тухайн даатгуулагч даатгалын гэрээтэй эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах боломж нь нээлттэй” хэмээн ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн ярилаа.

Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж буй хүмүүс нэн түрүүнд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. “Эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд л хэвтэн эмчлүүлнэ” гэдгийг ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн онцлон сануулж байлаа. Учир нь рашаан сувилалд сувилуулах боломжгүй эсрэг заалт гэж байдаг аж. Тодруулбал, хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай юм уу, хавдартай хүмүүс сувилалд явж болохгүй. Иймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлээд “Рашаан сувилалд явж болно” гэсэн тодорхойлолт авах нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох юм.

ЭМД-ЫН САНГААС 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Нэг сувиллын ор хоногийн төлбөр 40 мянган төгрөг байлаа гэж бодоход, долоо хоног сувилуулахад 280 мянган төгрөг төлөх шаардлагатай болно.

ӨНГӨРСӨН ОНД СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛСЭН ХҮМҮҮСТ 10.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Үүнээс 110 мянган төгрөгийг нь хасуулаад үлдсэн мөнгөө өөрөө төлөх зарчмаар энэхүү хөнгөлөлт хэрэгждэг. Тиймээс сувиллуудын ор хоногийн төлбөрөөс хамааран даатгуулагчийн төлөх мөнгө харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн онд 91,400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийн нас, хүйсийн талаарх дэлгэрэнгүй тайланг нарийвчлан гаргадаггүй болохыг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлснөөр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүснэ. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрөл байдаг аж. Тодруулбал, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авах боломжтой. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж сэргээн засах сувилалд хэвтэх, рашаан эмчилгээ хийлгэх, эсвэл шавар эмчилгээнд явах эсэхээ сонгон үйлчлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 50 гаруй рашаан сувиллын газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 29 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрын нэр, хаяг болон холбоо барих утасны дугаарыг ЭМДЕГ-ын цахим сайтаас (www.emd.gov.mn) авах боломжтой.

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих