НҮД ХУУРСАН АЖИЛ ХИЙДГЭЭ ЗОГСООГООЧ
НҮД ХУУРСАН АЖИЛ ХИЙДГЭЭ ЗОГСООГООЧ

Бүтээн байгуулалт нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг хариуцлагагүй үйлдэл засрахгүй нь ээ.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын авто замуудад тавьсан шар хашлага салхинд унаж, хотын захиргаа хэрэггүй ажилд 700 гаруй сая төгрөг зарцуулсан шүүмжлэлд өртсөн бол Баянгол дүүргийн III,  IV хороололд  явган зорчигчийн гарц дагуу төмөр шар өнгийн сараалж босгох болсон нь  олон хүний гайхашралыг төрүүлж эхлэв.  Явган хүн гарцаар гарахад тэмдэг, тэмдэглэгээ нь тодорхой, гэрлэн дохио бүрэн ажиллаж байхад л болно. Харин автобусны буудал нь нар, салхинаас хамгаалах боломжтой, зорчигч автобусаа хүлээнгээ суучих сандалтай байхад л тав тух хангачихна. Гэтэл сүүлийн үеийн бүтээн байгуулалт нэрийн дор хийж байгаа ажил нэг л биш ээ. Иргэдийн хэрэгцээ, тав тухыг хангах гэхээсээ  “мөнгө цохиж” ашиг унагахыг оролддог болоо юу гэмээр ажил хийгддэг болов.

Хамгийн ойрын жишээ нь Хятад улсаас импортолсон хашлага.  Нэг үеэ бодвол иргэд гарцгүй газраар гүйх нь багассан. Хааяа нэг хүн хашлага давбал тэрхүү бичлэг, зураг  сошиал сүлжээнд тавигдаж, соёлтой байхыг бусаддаа уриалдаг.  Олон нийтийн хандлага ийн өөрчлөгдөж, соёлжиж байхад төр нь хүний хэрэгцээ шаардлага хангасан ажил хийж чадахгүй, хийлгэж ч чадахаа больжээ. Бороо орох бүрийд авто зам нь эвдэрч, засвар хийхээс аргагүй болж байна. Жилд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарцуулж байна. Улсын төсвөөс, Засгийн газрын нөөц хөрөнгөөс, орон нутгийн төсвөөс гэхчлэн эх үүсвэр бүр нь өөр, өөр. Гэтэл дээрх авто замыг зээлээр барьсан байх нь олонтаа. Зээлээ ч эргэн төлж эхлээгүй байхад авто замдаа засвар хийх шаардлага үүсдэг. Тэр бүрт авто зам чанарын шаардлага хангаж баригдаж чаддаг уу гэдэг асуудал хөндөгддөг ч манай сайд, дарга нар “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж, зам усанд урссан” гэдэг тайлбар хийж, дахин хөрөнгө хуваарилуулж авдаг нь зуршил болжээ.

Авто зам аюулгүй байж гэмээнэ осол аваар бага гарах тул төр ч гар татах боломжгүй. Уг нь татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээ бодвол чанаргүй авто зам барьсан компаниар  дахиж засвар үйлчилгээ хийлгэмээр. Гэтэл төсвийн мөнгө ёо гэж хэлэх биш дээ гэсэн шиг л Сангийн яамныхнаа шаналгаж байгаад л хөрөнгө хуваарилуулж авдаг. Барилга ч ялгаагүй. Улсын комисс нь хүлээгээд авчихсан байхад л борооны ус орж ирж, хавдар эмчлэх өндөр өртгөөр худалдан авсан аппаратыг эвдэлдэг. Буруутан хайхаар эзэн олдохгүй. Бие, бие рүүгээ “чихсээр” эцэс сүүлдээ орсон бороо л буруутай болдог.

Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах нэрээр жил бүр боржуурыг сольдог нэг аргатай. Эвдэрч, хэмхэрсэн зүйл байхгүй байхад л хуу татаж аваад шинийг тавина. Тэгсэн атлаа өвөл хальтиргаа гулгаа үүсгэдэг гялгар хавтанг сольдоггүй.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэрээр хэдэн жил мод тарилаа. Ууланд ургаж байсан модыг Улаанбаатар хотод авчирч тариад л үхүүлээд байна. Энэ ажилд мөн л татвар төлөгчдийн мөнгө урссаар…

Монголчууд хэзээ нэг япончууд шиг чанартай авто зам тавьж, солонгосууд шиг хотоо ойжуулж ногоон төгөл байгуулж сурна даа.

Эх сурвалж: news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих