Б.БАТБАЯР: ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТААР БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙГЭЭС ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГГҮЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖДЭГ
Б.БАТБАЯР: ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТААР БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙГЭЭС ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГГҮЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖДЭГ

Иргэд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл авахад тулгардаг гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудал байдаг. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа.

-3ээлийн батлан даалтын сан байгуулагдаад зургаан жил болж байна. Тус сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн жилүүдэд ямар бодитой ажлууд хийсэн бэ?

-Зээлийн батлан даалтын сан нь Монгол Улсын их хурлаас 2012 онд батлан гаргасан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих зорилготой 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудал нэлээд тулгардаг.

Монгол банкнаас 2018 онд явуулсан судалгаагаар нийт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 60 хувь нь барьцаа хөрөнгөгүйгээс хүссэн санхүүжилтээ авч чаддаггүй гэсэн дүн гарсан байдаг. Барьцаа хөрөнгөгүйгээс хүссэн зээлээ авах боломжгүй болохоос гадна бусдын үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг гуйж барьцаалж зээл авч улмаар зээлээ төлж чадахгүй болсноос маргаан үүсдэг.

Шүүх хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүртэл хүнд байдалд орох тохиолдол олон байдаг. Энэ мэт бэрхшээлийг шийдэх, бизнес эрхлэгчид хүссэн санхүүжилтээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангаас шаардлагатай барьцаа хөрөнгийн дутагдсан хэсэгт батлан даалт гаргадаг. Ингэснээр зээлдэгч санхүүжилтээ бүрэн авна.

Санхүүгийн хувьд асуудалгүйгээр төслөө хэрэгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргана. Өрсөлдөх чадвар сайжирч орлого нэмэгдэнэ. Улмаар ажлын байр нэмэгдэнэ. Ажилчдын цалин орлого өснө. Улсад төлөх татвар нэмэгдэнэ гэх мэт олон талын ач холбогдолтой. Зээлийн батлан даалтын сан 2013 оноос хойш 714 иргэн, аж ахуйн нэгж буюу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 88.1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Үүний үр дүнд 184.5 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

-Хамгийн сүүлийн байдлаар хэдэн үйлдвэрлэгчид батлан даалт гаргасан байна вэ?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд 390 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 126.2 тэрбум төгрөгийн зээлд 64.7 тэрбум төгрөгийн батлан даалт хийгээд байна. Үүний үр дүнд жилийн хугацаанд л гэхэд шинээр 2455 ажлын байр нэмэгдүүлж, 4300 орчим хүнийг ажлын байраа алдахгүй байхад нь дэмжлэг үзүүлжээ.

-Танай сангаас үзүүлдэг батлан даалтын хэдэн төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ?

-Зээлийн батлан даалтын сан хоёр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Нэг дэх бүтээгдэхүүн нь, Сангийн өөрийн хөрөнгөөр баталгаа болгож гаргадаг ердийн батлан даалт. Энэ бүтээгдэхүүний хүрээнд арилжааны 13 банктай хамтарч ажилладаг.

 Барьцаа хөрөнгийн дутагдалтай арилжааны банкны болон бусад дотоодын эх үүсвэрээс зээл авах хүмүүст зориулагдсан байдаг. Батлан даалтын нөхцөл нь 500 сая төгрөг хүртэл байдаг бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хүссэн зээлийн 60 хүртэл хувьд гаргадаг.

Хоёр дахь бүтээгдэхүүн нь Зээлийн батлан даалтын сангаас Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд гаргаж байгаа эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүн юм. Төслийн хүрээнд нийт 231 аж ахуйн нэгж, иргэний 77.2 тэрбум төгрөгийн зээлд 43.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, үүний үр дүнд 1460 ажлын байр шинээр бий болж, 2499 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

 -Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтыг тодорхой тайлбарлахгүй юу?

 -Эх үүсвэртэй батлан даалт нь ердийн батлан даалтаас тун онцлог байдаг. Гаргасан батлан даалтын хэмжээгээр эх үүсвэрийг гаргадаг учраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хүү багатай, урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлдэг. Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа санхүүжилтийг маш бага хүүтэйгээр арилжааны банкнуудад байршуулж, батлан даалт гаргасан хэмжээгээр эх үүсвэр болгон ашигладаг.

2021 он хүртэл нийт 60 сая ам.долларын санхүүжилтийг жилд 12 сая ам.доллараар татан авна. Төслийн хүрээнд нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээлд, нийт зээлийн дүнгийн 30-60 хувьд батлан даалт гаргах үйлчилгээ үзүүлдэг.

Зээлийн хувьд жилийн 12-15 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай байгаа юм. Хүү бага хугацаа урт учраас зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид санхүүгийн дарамт маш бага байдаг. Иймээс энэхүү төсөл нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэхэд үр өгөөжөө өгөх юм. Азийн хөгжлийн банкны төсөлд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк гэсэн таван банктай хамтран ажиллаж байна.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд л зориулсан батлан даалтын үйлчилгээ гэж ойлгож болох уу. Батлан даалт яг эздэдээ хүрч чадаж байна уу?

- Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаандаа тэгш оролцоог хангаж, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Батлан даалт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид буюу эздэдээ хүрч байгаа. Тодорхой үр дүнгүүд гарч байна.

Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид батлан даалт гаргахгүй. Үүнд, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хортой эмийн бодис, шатах тослох материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багтана. Хориглосноос бусад үйл ажиллагаа эрхлэгчид батлан даалтад хамрагдаж болно.

-Зээлийн батлан даалтын сангийн бусад сангаас ялгарах давуу тал юу вэ?

 -Зээлийн батлан даалтын сан нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг.

Зээл нь зөвхөн арилжааны банкаар дамжих ёстой. Ямар нэг дамжлагагүй шууд зээл олгох болон зарцуулалт хийдэг сангууд байдаг. Батлан даалт гаргахгүйгээр зээл олгохдоо ямар нэг байдлаар барьцаа хөрөнгө шаарддаг.

Манай сангийн хувьд жинхэнэ үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг сонгож туслалцаа үзүүлэх нь хамгийн чухал ажил юм.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болон банкнуудтай харилцахад ямар бэрхшээлүүд үүсдэг вэ? -Харилцаанд бэрхшээл харьцангуй гайгүй тохиолддог.

Яагаад гэвэл бодит судалгаанд тулгуурлан зээл болон батлан даалт авахыг хүссэн хүмүүсийн үйл ажиллагааг шалгах, үйлдвэрийн төсөл, эдийн засгийн тооцоог нь нотлох байдлаар асуудлыг шийдээд явчихдаг. Тухайн аж ахуйн нэгж, иргэний хөрөнгө хэд болох, үйл ажиллагаа нь хэр өгөөжтэй байгааг нь тогтоох асуудал чухал.

Батлан даалт гаргах эсэх асуудлыг Зээлийн батлан даалтын хороо хуралдаж олонхын саналаар шийдвэрлэдэг.

-Ямархуу төслүүдэд батлан даалт олгож байгааг жишээгээр хэлбэл?

-Боловсруулах үйлдвэрүүдэд ихэвчлэн батлан даалт олгож байна. Боловсруулах үйлдвэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, фермерийн аж ахуй, мод модон эдлэл, төмөр хийцийн үйлдвэрүүдэд олгож байна. Дараа нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний болон эрүүл мэндийн салбарт батлан даалт гаргаж байна. Тодруулбал, үсчин, гоо сайхан, цайны газар, ресторануудыг нэрлэж болно. Нийт батлан даалтын 80 гаруй хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр, үлдсэн хувийнх нь эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж байна.

-Зээлийн батлан даалтын тогтолцооны асуудал шинэлэг байна. Батлан даалтыг тогтолцоогоор нь яаж хөгжүүлбэл эдийн засагт илүү үр өгөөжөө өгөх вэ?

 -Батлан даалтын тогтолцоог сайжруулахын тулд нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан санхүүгийн хувьд өндөр чадамжтай байх ёстой. Хоёрдугаарт, Ази, Номхон далайн улсуудын батлан даалтын сангууд гэхэд маш урт хугацааны түүхтэй, олон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх ёстой. Гуравдугаарт, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

 Дөрөвдүгээрт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээ сургах, дадлагажуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Манай сан бусад орны батлан даалтын 10 гаруй сантай хамтран ажилладаг. Монголын хөрөнгийн бирж, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, их сургуулиуд гээд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байна.

Бүх аймагт орон тооны бус төлөөлөгчтэй ажиллаж байгаа. Хамтарч ажилладаг банкнууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийх, сургалт, мэдээллээ өгөх гэх мэт байдлаар холбогдож, хоорондоо уялдаатай ажилладаг.

Сүүлийн үед батлан даалт үзүүлэх үйл ажиллагааг илүү хялбаршуулж, зарим зүйлийг хүний оролцоогүйгээр шуурхайлан хийдэг болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Үйлдвэр шинээр эрхлэх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүссэн олон хүнд ээлтэй ажлууд хийжээ. Гэхдээ батлан даалтыг ямар шалгуураар олгодог юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн шалгууруудад нийцэх ёстой. Хамгийн чухал нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэсэн гэрчилгээ, тодорхойлолттой байх хэрэгтэй. Уг гэрчилгээг аж ахуйн нэгж бол ХХААХҮЯ-наас баталгаажуулж, олгодог. Харин иргэн бол харьяа татварын албанаас олгодог.

Мөн сүүлийн зургаан сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй. Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой. Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцээгүй нь үнэн, энгийн, ойлгомжтой төсөл бичсэн байх шаардлагатай.

-Тэгэхээр шалгуур хангасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Банк, санхүүгийн байгууллагын албан тоот, холбогдох баримт бичиг, дүгнэлт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг нотлох баримт, сангаас шаардсан нэмэлт материалууд, үйлчилгээний хураамж төлсөн баримт хэрэгтэй болно.

-Батлан даалт гаргуулахын тулд юунаас эхэлж, хаана хандах хэрэгтэй вэ?

-Батлан даалт гаргуулах үйл явц үндсэн хоёр хэсэгтэй. Эхлээд манай сантай гэрээтэй арилжааны банкнуудад хандана. Банк нь Зээлийн батлан даалтын санд хүсэлтийг уламжилна. Батлан даалт гаргуулахыг хүссэн иргэн, үйлдвэрлэгч та юун түрүүнд банканд зээл авах хүсэлтээ гаргана.

Банк зээлийн судалгааг үйлдвэр болон шаардлагатай газруудад нь биечлэн очиж шалгаж үздэг. Зээл олгож болно гэж банк үзвэл Зээлийн батлан даалтын санд батлан даалт гаргуулах хүсэлт илгээнэ. Сангаас зээлдэгчийн үйл ажиллагааг дахин судалж, 14 хоногийн хугацаанд батлан даалт гаргаж болох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч батлан даалтын шимтгэл төлдөг үү?

-Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтад батлан даалтын хэмжээнээс хамаарч жилийн нэг хувийн шимтгэл төлдөг. Харин батлан даалтын ердийн бүтээгдэхүүний хувьд батлан даалтын хүсэлт гаргахдаа үйлчилгээний хураамж 10 мянган төгрөг, шимтгэлийн хувьд нэг жил хүртэл хугацаатай батлан даалтад нэг хувь, хоёр жил хүртэл хугацаатай батлан даалтад хоёр хувь, гурван жил хүртэл хугацаатай зээлд гурван хувийн шимтгэл төлдөг.

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих