ОРОСЫН ТОСГОНЫХОН МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙНХНӨӨС ДОР АМЬДАРЧ БАЙНА
ОРОСЫН ТОСГОНЫХОН МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙНХНӨӨС ДОР АМЬДАРЧ БАЙНА

Энэ дүгнэлтээ батлахын тулд миний бие Монголын хөдөөгийн эгэл жирийн нэгэн айл хэрхэн амьдардаг талаар дурдах нь зүйтэй байх. Хөдөөгийн монголчууд гэр гэх таатай орчин бүхий зөөврийн байшинд амьдардаг. 

Миний зочилсон айлуудын гэрт лав ахуйн хэрэглээнд шаардагдах бух зүйл байсан. Гаднаа юм уу, дээвэр дээрээ байрлуулсан нарны хавтангаас тог, цахилгаанаа авчихна. Гэрэлтүүлгээс гадна тавган антенаар ажиллах телевизор, муугүй үзүүлэлттэй зөөврийн компьютер, хямд интернет, угаалгын машин, хөлдөөгч гээд цааш нь дурдвал өчнөөн ололт байна, Монголын хөдөөх жирийн айлд. 

Гэрийнхээ ойролцоо мотоцикл сойчихсон, бас болоогүй ээ Японд үйлдвэрлэсэн бага оврын ачааны машин айл бүрийн гадаа дэнхийж харагддаг. Тэрийгээ “амьжиргаа цагаан” гэж өхөөрдөн нэрлэсэн нь сонирхол татсан шүү. Ер нь Монголын хөдөө амьдардаг айлууд хоёр унаатай байх нь элбэг. 

“Амьжиргаа цагаан" нь эзэгтэйн наад захын хэрэглээг хангадаг унаа. Харин хөдөөгийн малчдад хамгийн элбэг байдаг “Тоёота круизер" загварын машин нь гэрийн эзнийх.
Хоол хүнсээ мал сүргээсээ хангачихна. Хамгийн бага орлоготой айл гэхэд л дор хаяж 150 тоо толгой хонь, ямаа бэлчээсэн шигээ аж төрдөг. 

Өвөл нь хэдий хүйтэн ч цас багатай үед мал нь идэх өвсөөр тасрахгүй. Малынхаа ялгадсыг хатаагаад л түлшний асуудлаа ямар ч мөнгө гаргахгүйгээр шийдчихнэ. Гаднынхан энэ талаар элдэв яриа гаргадаг л даа. Гэхдээ аргал гэж нэрлэх малын гаралтай түлш нь гал асаахад харин ч таатай үнэр хавь орчиндоо түгээдэг юм билээ.

Монголын хөдөөд малчин өрхийн амьжиргааны түвшинг мориных нь тоогоор мэдэж болно. Уулархаг дүүрэгт бол сарлагаар нь, цөл болон талд тэмээний тоо толгойгоор нь хэр түвшинд амьдардгийг нь хэмждэг. Харин хонь, ямааг хэн ч тийм чухалд үзэж тооцож, тоолдоггүй байх гэсэн бодол төрснөө нуугаад яахав. 

Хонь, ямаа нь тааваараа бэлчээрлэж, ая зөнгөөрөө өсөж үрждэг юм шиг санагдсан. Тийм болоод ч тэр үү монголчууд бэлчээртээ эрх чөлөөтэй, дур зоргоороо. Эрчүүд нь мотоцикл хөлөглөж, бэлчээрлэж буй малаа өдөрт хоёр, гурван удаа эргэдэг юм билээ.

Товхийсэн амьжиргаатай малчин монголчууд малын түүхий эд болох сүү, арьс шир, ноос, ноолуураа тушаагаад чамгүй орлого олчихдог. Малынхаа түүхий эдийг худалдаж олсон мөнгөө түлш болгоно. Техник худалдан авна. Амьдрах орчноо сайжруулна. Нийслэлийнхэнд асуудал болсон оюутны сургалтын төлбөр хөдөөгийн малчдад зовлон биш. Оюутан хүүхдээ гадаадад сургах ч хөдөөнийхөнд асуудал биш гэдгийг би зочилсон айлуудынхаа үүх, түүхээр батална.

Монгол малчдын гэрийн эд хогшил нь авсаархан агаад зөөж явахад тохиромжтой, олон үүрэгтэй байхуйц шийдэлтэй. Орчин үеийн хэллэгээр бол минималист гэж тодотгож болох тавилгуудыг монголчууд нүүдэлчний хэдэн мянган жилийн туршлагаараа бий болгосон юм. Монголчууд эд хогшил бүрийг урлахдаа сайтар боловсруулсан байдаг. Тэд элдэв зүйлийг сонгон авахдаа өөрсдөдөө төдийгүй үр хойчид нь хэрэг болох талаас нь бодож үзсэн байдаг. 

Өдөр тутам өмсөх үндэсний хувцсаа бүтээхдээ ч байнгын хэрэглээ талаас нь нарийн анзаарсан санагддаг юм.Тэгвэл орос тариачдын хувьд бүх зүйл ийм таатай биш. Монгол өрх бүрийн эдэлж хэрэглэж буй зүйлийг байнгын хэрэглээгээ болгохын тулд тэднээс ямар их хүч чармайлт гарахыг төсөөлж хэлэхэд бэрх.

Хулгай хийхгүй л бол монгол малчдын хэмжээний амьдрах нь тосгоныхны хувьд мөрөөдөл. Орос нутгийн гүнд нь ороход та айлуудын үүднээс япон жипийг тийм олноор нь харж чадахгүй. 

Монголын хөдөөгийнхний хувьд огт төлбөргүй гэгдэх хэрэглээний зардалд жирийн орос иргэн хэдийг төлөх вэ? Тосгоны жирийн нэг ажилчин хүүхдээ гадаад руу сургахаар явуулж чадах уу? Асуултуудын хариу тийм ч таатай гарахгүй гэдэг нь бодит үнэн билээ.

 

Эх сурвалж: Записки Зеленого zen.yandex.ru

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих