ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭСЭН С.ЭРДЭНЭБАЯР Д.ЦОГТБААТАРЫН ЖОЛООЧ БАЙЖЭЭ
ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭСЭН С.ЭРДЭНЭБАЯР Д.ЦОГТБААТАРЫН ЖОЛООЧ БАЙЖЭЭ

Монголын дипломат албаны хоёр ажилтан өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээлэл дотоодод төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа билээ. Тэд Монгол Улсаас Туркын Истанбул хотноо суух дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсан бөгөөд Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай автомашинаар хар тамхи зөвөрлөж явахдаа баривчлагдсан нь нэгэнт ил болсон  байхад Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй хэмээн хэрэгтнүүдийг хайцайлж байсан юм. Гэвч, “хувь хүний нууц” гэх нэрээр хар тамхи тээвэрлэсэн дипломатчдынхаа хэргийг нууж байсан Гадаад харилцааны яамны “нууц”-ыг хэвлэлийнхэн дэлгэж эхлэхэд салбарын сайд Д.Цогтбаатар сандрангуйгаар  хэвлэлийнхэнд өөрийгөө өмгөөлж хамгаалсан ярилцлага өгсөн нь 70 кг хар тамхи тээвэрлэж явсан жолооч С.Эрдэнэбаяр нь Д.Цогтбаатарын жолооч төдийгүй ойр дотных нь хүн байсантай нь  холбоотой аж. Монголыг төдийгүй Европыг доргиосон хар тамхины дуулианыг намжаах гэж өөр хэн нэгний мэдээллийг Гадаад харилцааны яамнаас зорилготойгоор тараасан нь Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой “асуудал”.

Өөрөөр хэлбэл, Монголын нэрийг дэлхийд гутаасан дипломатуудтай холбоотой, мөн дипломат томилгооных нь талаарх олон нийтийн шүүмжлэл, дургүйцлийг өөр тийш хандуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн. Д.Цогтбаатарын үед Монголын дипломат албаны томилгоо төрлийн бол хувирсан, Монголын гадаад харилцаа түүхэнд  байгаагүйгээр уналтад орсон тухай шүүмжлэл ид өрнөж байгаа. Тэрбээр намын болон өөрийнх нь сонгуульд сайн ажилласан гэх нэрээр ойр дотныхноо болон улстөрчдийн шахааны хүмүүс, утсан хүүхэлдэйнүүдээ гадаадад ичиж, эмээлгүйгээр томилж эхэлсэн тухай мэдээлэл өчигдрийн гол бүүм байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарын үед Монголын дипломат албаны томилгоо улаан цагаандаа гарч, улстөрчдийн хүүхдүүд, найз нөхөд, цүнх баригчид, амраг саднаар дүүрэх болжээ.  Тэрхүү төрөл, садны томилгооны нэг нь Хөх хот дахь Ерөнхий консулыг татаж, өөрийн хүнээ тавихаар болсон гэх мэдээлэл. Тодруулбал, Хөх хотын Ерөнхий консулаар томилогдох  өдрөө тоолон суугаа хүн бол МАН-ын гишүүн гэх С.Батхуяг.

С.БАТХУЯГ ГЭЖ ХЭН БЭ?

С.Батхуяг нь МАН-ын гишүүн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн юм. Тэрбээр өмнө нь тус дүүргийн  Иргэдийн хурлын дарга байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад, Сү.Батболдыг 2008-2009 онд Гадаад харилцааны яамны сайд байхад нь “Сүхбаатар фракц”-аас томилогдон Эрээн хотод консулаар ажиллаж байсан удаатай. Найз, нөхдийн дэмжлэгтэйгээр Эрэний консул болсон даруйдаа визний наймааны хэрэгт нэр холбогдож байсан. Хятадуудтай нэлээд дотно харилцаатай гэх яриа ч байдаг. Сайн найз болох сайд Д.Цогтбаатарын “шагнал”  болох  Хөх хотын Ерөнхий консулаар томилогдох нь С.Батхуягийн хувьд бараг амралт л гэсэн үг.  Мэргэжлийн, мэргэшсэн гэх чадвараас илүү энэ мэт найз нөхөд, төрөл саднаар дипломат албыг дүүргэж буй Д.Цогтбаатар сайдад хандаж сануулахад, Монголын дипломат алба бол хэн нэгэн улстөрчдийн хүүхдүүдэд оногддог бай шагнал, аль эсвэл мөнгө олдог бизнес биш юм. Мөн үеэ дуусгасан өвгөдийг  амралт сувилгааны газар биш учраас ард иргэдийнхээ төлөө шударгаар өдөр шөнөгүй ажиллах ачааллыг даах чадвартай, авхаалжтай, боловсролтой залуусаа дэмжихгүй бол Монголын дипломат алба сүйрлийн ирмэгт ирж, Монгол Улсын нэр хүндэд заналхийлж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫН УРАМШУУЛЛЫН СИСТЕМ

 Монгол Улсын Гадаад харилцаа яг үнэндээ урьд хожид байгаагүй уналтын цаг үедээ явж байгаа нь худлаа биш. Учир нь, энэ салбарыг Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар томилогдож очсоноосоо хойш ялсан намын, найз нөхдийн урамшууллын систем болгон хувиргасан. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь ЭСЯ-нд атташегаар томилсон. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилжээ. Д.Цогтбаатарын энэ мэт “шагналын” томилгоонуудын нэг нь Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Вашингтон дахь ЭСЯ руу, Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шилжүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны салбарт өрнөж буй томилгоо Д.Цогтбаатарын хувийн компанийн халаа сэлгээ шиг л хөвөрч байна. Түүнчлэн БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр эргүүлэн дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй,  Өмнөд Солонгост суугаа ЭСЯ нь одоог хүртэл эзгүй гэх мэтээр Элчин сайдуудын томилгоо Д.Цогтбаатарын үед гацсан нь түүний таалалтай холбоотой гэх.

 Өдгөө Солонгост 60 мянган хүн ажиллаж байна. Өмнөд Солонгос бол Монголын гуравдагч гол хөршүүдийн нэг. Тус улсад олон монгол иргэн ажиллаж, сурч, амьдралаа залгуулж байгаа. Гэтэл дипломат харилцааны гүүр нь болох Элчин сайдыг томилолгүй өнөөг хүртэл төрийн албыг цалгардуулсан. Түүний хийсэн дипломат албаны томилгоо эхнээсээ Монголын чихийг халууцуулж, Монгол Улсыг муухай харагдуулж эхэлсэн, цаашдаа энэ мэт том хэрэг гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс ямбыг нь эдэлж байгаагийн хувьд Д.Цогтбаатараас ялыг нь асуух нь зүйн хэрэг.  Монголын дипломат албыг шороотой нь хутгасандаа Д.Цогтбаатар сайд, өргөдлөө өгөх цаг болжээ. Эс бөгөөд Д.Цогтбаатарыг сайдыг чөлөөлж, Монголын дипломат албаны нэр төрийг аврах цаг болсон байна.

Н.ГАРАВ

Эх сурвалж: news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих