УЛААНБААТАР ХОТЫН ХИЛИЙН ЦЭСЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
УЛААНБААТАР ХОТЫН ХИЛИЙН ЦЭСЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.

Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай юм. 

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт үүнтэй адил хэлмэгдүүлэлт болсон газрууд цөөнгүй байгаа тул цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авч, судалгаа шинжилгээг нарийвчлан хийлгэж, тэр орчимд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хашаалах асуудлыг судалж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Мөн “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах, Шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг даргад даалгасан.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Шинэ хот /Аэросити/-ын хилийн цэсийг 25.282 га талбайгаар тогтоох саналыг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаагаа уламжлав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нэмэлт оруулсан санал болон мэдээллүүдийг дахин нягталж нэгтгэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар оруулж, эцэслэн хэлэлцэхээр тогтлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих