ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН, МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ НАРЫГ АТГ-Т ШАЛГУУЛНА
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН, МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ НАРЫГ АТГ-Т ШАЛГУУЛНА

МҮХАҮТ, Монголын махны холбоо, махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд нэгдэн малыг амьдаар нь экспортлох тухай Засгийн Газрын тогтоолыг эсэргүүцэж,  өнөөдөр /2019.06.11/ хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УИХ гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж,  Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын өлөн гэдэс экспортлох холбооны тэргүүн Б.Мөнхзаяа, Тэнгэр группийн Ерөнхий захирал Н.Төмөрбаатар болон махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон юм.

МАЛЫГ АМЬДААР НЬ ГАРГАВАЛ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД ДАМПУУРАХ, САНХҮҮГИЙН ХУВЬД ЧАДВАРГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Монголын махны холбооны тэргүүн, УИХ гишүүн Б.Пүрэвдорж: “Засгийн Газраас 2017 оны 11дүгээр сард мах экспортод гаргах тухай тогтоол гарсан. Энэ ажлыг Монголын махны холбоо анхааралтай ажиглалаа. Сүүлийн жилүүдэд, ялангуяа энэ ажил эрчимтэй явагдаж, амьд мал экспортод гаргах тухай шийдвэр гарчихлаа. Малыг амьдаар нь гаргахыг манай холбооноос эсэргүүцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарт амьд мал экспортлохгүй байх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан ч хариу өгөхгүй байна.

Гэтэл малыг амьдаар нь экспортод гаргавал махны үйлдвэрлэл эрхэлдэг  аж ахуй нэгжүүдэд олон асуудал тулгарч байна. Социализмын үед манай улс ОХУ руу мал экспортолдог түүхий эд боловсруулдаг орон байсан. Энэ үйл явдал өнөөдөр Монгол улсад ахин давтагдах гэж байна. Махны салбарт 10 гаруй мянган ажилтан ажилладаг. Мөн өнгөрсөн жил гэхэд бид 78 мянган тонн буюу 3 сая толгой малын махыг боловсруулж экспортод гаргасан. Үүнээс олон үйлдвэрүүд техник технологийн шинэчлэл хийх боломж бүрдсэн.

Малыг амьдаар нь гаргавал махны үйлдвэрүүд дампуурах, санхүүгийн хувьд чадваргүй болох эрсдэлтэй. Гэтэл Засгийн Газраас жилд таван сая толгой малыг нэг компанид давуу эрх олгож,  шийдвэр гаргасан нь гайхшрал төрүүлж байна. ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан энэ зургадугаар сарын эхээр БНХАУ-ыг зорих үеэрээ мах экспортын асуудлыг хэлэлцэж, нэг компанид давуу эрх олгосон. Мөн МХЕГ дарга Н.Цагаанхүү энэ компанийн хүсэлтээр айлчлал хийж, тохирлын асуудлаа ярилцсан. Үүнийг бид Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна хэмээн үзэж байгаа. Нэг компанид давуу эрх олгож байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж үзээд энэ хоёр албан тушаалтныг АТГ шалгуулах хүсэлтийг өгөхөө мэдэгдэж байна” гэлээ.

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЗҮГЭЭС МАЛЫГ АМЬДААР НЬ ГАРГАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “2014 оноос хойш  арьс ширний салбаруудад технологийн шинэчлэл хийгдэж, өнөөдрөөс тогтвортой үйл ажиллагааг явуулж болохоор горимд шилжсэн. Гэтэл энэ үед малыг амьдаар нь гаргах гэж байгаа нь манай салбарын үйл ажиллагааг хойш татах үйл явц хэмээн үзэж байна. Өнөөдөр бид 60 сая малтай байна гэж байгаа боловч арьс ширний салбарын шаардлагыг хангасан 5,6 сая ширхэг арьс шир нийлүүлэгдэж байгаа. Хэдий малын тоо өссөн гэж байгаа ч 10 сая арьс, шир нь чанарын шаардлага хангахгүй. Үүн дээр 500 мянган  мал амьдаараа гараад явчхаар түүхий эдийн хомстолд орох магадлал өндөр байна. Манай улс малын гаралтай бүх төрлийн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байж, ажилтай орлоготой байна. Арьс ширний үйлдвэрийн зүгээс малыг амьдаар нь гаргахыг эсэргүүцэж байна” гэлээ.

 Б.Бадралмаа

Ардчилал.мн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих