ДИПЛОМАТ ХУЛГАЙН СҮЛЖЭЭ
ДИПЛОМАТ ХУЛГАЙН СҮЛЖЭЭ

Эх орноо төлөөлөн харийн оронд суух элчин сайдууд, консул ууд, тагнуулын ажилтнуудыг уг нь төрийн алтан гэрэгэ өвөртлөн улс орноо тусгаар улс гэдгийг сануулан харийн оронд ихэмсгээр оршиж тэнд суралцаж ажиллаж амьдарч буй эх орон нэгтнүүдийнхээ эрх ашгийг өмгөөлөгчид гэж боддог байлаа.

Гэвч эндүүрч. Элчин сайдын яамдыг дагаж дипломат эрх ямбаар далайлган хууль бус наймаа хийдэг гэмт хэргийн сүлжээ болсон юм байж. Өнгөрсөн долоо хоногт Монголын дипломатчдын хар тамхи нууцаар зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд шил дараалан гарав. Шившгээ хутгав. Баригдаж байгаа хүмүүсийг нь анзаарахад аавууд нь насаараа төрийн өндөр албан тушаал эрхэлж сэтэр зүүгсэдийн үр хүүхэд байх юм. Тэгэхээр гадаадад суух элчин консулын газар гэдэг нь албан тушаалтнуудын эрх нь дэндсэн хэдэн бацааны өдөр өнжүүлэх болсон юм байж.

Монголын төрд муми болтлоо "тахигдаж" нам нь өртэй юм шиг албан тушаал өгч байдаг хэдэн өвгөчүүл өөрсдөө ч дийлэхээ больсон банди нараа элчин консул аар томилуулж гадаадад зугаацуулдаг "бузар бүхний хонгил нь Монголын дипломат алба ажээ. Аргагүй ээ. Гадаад харилцааны яамны сайд нь хүртэл өөрөө оффшорчин шүү дээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Блүүмберг телевизийн нэгэн шагнал гардуулах ёслол дээр ингэж хэлсэн юм. "Гадаад харилцааны сайдыг дэргэдээ суулгаж байгаад хэд хэдэн оронд суугаа элчин сайдуудтайгаа видео ярилцлага хийж "Монгол улс хэдэн км кв нутаг дэвсгэртэй билээ" гэж асуухад мэдэх элчин сайд гараагүй" гэж Ерөнхийлөгч өөрөө зурагтаар хэлж байсан нь тухайн үедээ инээдтэй санагдсан ч одоо бодох бүр инээд биш ханиад болов. Эх орноо мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй элчингээр яах юм бэ. Гадаадад амьдарч, ядарч зүдэрч яваа Монголчуудаа огтхон ч харж үздэггүй атлаа хар тамхи наймаалах болохоор нүд нь сэргээд гүйдэг элчин сайд, консул аар яах юм бэ.

Монгол улсын гадаад харилцааг төлөөлж Чингис хааны үеэс "төрийн алтан аргамж" хэмээн өргөмжлөн нэрлэж асан дипломат алба өдгөө зугаа цэнгэл, хар тамхи биеэ үнэлэгчдийн нууц сүлжээ болжээ. 

Харуусам... Харуусам гэдэг үг ч багаднам.

Элчин сайд гэдэг хэн нэгэн сайдын хүүг шагнадаг шагнал , аль нэг нам сонгуульд мөнгө хандивласан спонсортоо олгодог "баярын бичиг" биш юм. Монгол улсын дипломат алба хулгайч луйварчдын сүлжээ болжээ. Өнөөдөр хар тамхи зөөж буй гэмт хэрэгтнүүд маргааш эх орноо худалдаж нөгөөдөр харийн оронд дагаар орох хүсэлтээ илгээхгүй гэхэд хэн итгэх билээ. За бараг худалдчихсан байлгүй дээ...

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих