СОЙСОН “МОРЬД”-ОО ТАРЛААД ТАВЬСАН НАМУУД
СОЙСОН “МОРЬД”-ОО ТАРЛААД ТАВЬСАН НАМУУД

Наадмын сураг сонсогдож, уяачид морьдоо сойн бэтгэж байсан ч нэг, хоёрхон тарлаад л буцаан тавихаас аргагүйд хүрлээ. Учир нь наадам болохгүй. Энэ удаад улсын баяр наадам биш намуудын наадмыг ярьж байгааг ойлгоно биз. Учир нь Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдахгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц мэдэгдлээ. Тиймээс нам хэмээх уяачид сойсон морьдоо тавихаас аргагүй. Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзээд УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Энэхүү нөхөн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван том нам хэнийг нэр дэвшүүлэхээ бүрэн товлож зарим нэг нь сурталчилгаа, ухуулгаа хийж, нам бүгдээр Хэнтийчүүдэд хайртай болчихоод байлаа. Нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрн нөөц хөрөнгөөс гаргах нь хууль зөрчих бөгөөд сонгуулийн зардлыг тухайн оны улсын төсөвт суулгах ёстой аж. Харин зардалтай холбоотой саналаа зарим иргэд сошиал орчинд бичсэн нь олны анхаарлыг татаж байна. Энэ нь эргүүлэн татсан, чөлөөлөгдсөн/гэмт хэрэгт холбогдсон/ тухайн гишүүнээс, эсхүл тухайн гишүүнийг нэр дэвшүүлсэн намаас сонгуулийн бүхий л зардлыг гаргуулдаг байх юм. Энэхүү саналыг хуульд тусгаж өгвөл гишүүд, намын хариуцлага бага зэрэг дээшлэх болно гэж зарим улс төр судлаачид ч саналаа хэлжээ.  

Ямар ч байсан цэц шийдвэрээ гаргасан. Харин энэхүү шийдвэрийг одоо УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх учиртай. “Цэцийн дээр хөх тэнгэр буй” хэмээх сүржин үг цаасан дээр хоцорч УИХ, түүнийг бүрдүүлж буй нөхдүүдийн тохироо бүхний дээр байдаг болоод удаж байгаа учраас шийдвэр яаж ч гарч мэднэ. Дараагийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдэж, бүгд л зөөлөн суудал зүүдэлж байгаа энэ үед нөхөн сонгууль нэг том пи-ар байх нь дамжиггүй. Тиймээс ирэх 15 хоногт тэдний тохироо яаж явагдах нь ирээдүйн улс төрийн чиг хандлага, ирэх оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй.

Т.ДАРХАН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих