"ХҮҮГ МИНЬ ХИЙГЭЭГҮЙ ХЭРЭГТ ХОРЬЖ БАЙНА"

Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Боргил хамт байсан бөгөөд талийгаачийг өндрөөс шидсэн байж болзошгүй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Энэ хэрэгт О.Боргилыг холбогдуулан шалгаж байгаа. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс О.Боргилын аав Ж.Отгонбаяртай уг хэргийн талаар ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээнд энэ хэргийн талаар олон таамаг яригдаж байна. Хэрэг гарсан тэр өдөр яг юу болсон юм бол. Энэ талаар яриагаа эхлүүлье. Танд тодорхой мэдээлэл байгаа болов уу?

-Ийм харамсалтай явдал тохиолдсонд юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө манай хүү над руу утасдаад намайг хүрээд ир гэж дуудуулсан. Би эхнэртэйгээ хамт тэднийд очиход цагдаа болон талийгаачийн ар гэрийнхэн ирчихсэн байсан. Дараа нь шүүх шинжилгээнийхэн ирээд талийгаачийн цогцсыг аваад явсан. Ингээд шөнийн 03.00 цагийн орчимд цагдаа нар биднийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж гэрт нь үзлэг хийсэн юм. Биднийг гэрт нь ороход эвдэрч хэмхэрсэн зүйл ажиглагдаагүй бүх зүйл хэвийн харагдсан. Хэргийн газарт цагдаа нар үзлэг хийх явцад том өрөөний дотор талын цонхны тавцан дээр нэг гутлын мөр, гадна талын тавцан дээр нэг гутлын мөр, цонхны хөндөл дээр гарын мөр гарсан учир миний хувьд талийгаачийг өөрөө үсэрсэн л гэж дүгнэж байна.

-Таны хүү талийгаачтай хэр удаан хамтран амьдарч байсан юм бол. Танай гэр бүлийнхэн талийгаачтай уулзаж байсан уу?

-Бид талийгаач охинтой нэг ч удаа уулзаж байгаагүй. Ер нь бол хүүгээ найз охинтой болсон байж магадгүй гэж таамаглаж байсан. Гэхдээ бидэнтэй уулзуулдаггүй байсан болохоор талийгаач охины талаар сайн мэдэхгүй байна.

-Хэрэг гарсан тухайн өдөр таны хүү согтууруулах ундаа хэрэглэж, талийгаачийг зодож дарамталсан тухай талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд ярьсан. Үүнд та тодорхой тайлбар өгөхгүй юу?.

-Миний хүү талийгаачийг зодсон гэдэг нь худал. Зодох хэмжээний хэрцгий догшин авиртай хүүхэд биш. Манай хүү дөлгөөн зантай, зөөлөн сэтгэлтэй хүмүүжилтэй хүүхэд. Тэр тусмаа найз бүсгүйтэйгээ муудалцчихаад цонхоор шидэх тийм ёс суртахуун хүүд минь байхгүй. Хэрэг гарсан өдөр тэр хоёр “ILoft”гэдэг баарны хажууд уулзчихаад манай хүүхэд түрүүлээд явчихсан юм билээ. Гэтэл талийгаач араас нь 30 минутын зайтай гэртээ ирсэн гэсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж, муудаад салж, нийлэхдээ тулаад талийгаач хувцсаа бөөгнүүлээд тавьчихсан байхад ийм харамсалтай явдал болсон байгаа юм.

-Талийгаачийн ар гэрийнхэнтэй та уулзсан уу?

-Ажил явдлын үеэр нэг удаа уулзсан.

-Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэж байсан. Үүнээс үндэслээд таны хүүг хорьсон гэв үү?

-Энэ асуудлыг би юу гэж ойлгож байна вэ гэхээр сошиал сүлжээ, нийгмийн давалгаанаас болоод цагдаагийн байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Үүнээс болж манай хүүхдийг хилсээр, хийгээгүй хэргийнх нь төлөө хорьж байна. Бид үүний дагуу прокурорын байгууллагад хандсан.

-Ямар үндэслэлээр хоригдсон юм бол?

-Үндэслэл нь удаа дараа хүчирхийлсэн, хүн амины хэрэг хийсэн мэтээр сэрдэгдээд хоригдсон гэж би ойлгож байна. Манай хүүхэд урьд нь талийгаачийг зодож нүдэж байгаагүй. Үнэхээр тийм зүйл болоогүй. Прокурор, цагдаагийн байгууллагынхан хохирогч талын мэдүүлгээр ор үндэсгүй зүйлийг иш болгож асуудлыг нэг талд нь шийдвэрлэхийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

-Энэ хэргийг хэрхэн яаж шийдвэрлэгдээсэй гэж та хувьдаа дүгнэж байна вэ?

-Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгээс дүгнэх юм бол миний хүү талийгаачийг түлхсэн асуудал байхгүй. Тэр салхивчаар хүн түлхээд унагаана гэдэг байж боломгүй асуудал. Энэ салхивчаар хүн эхлээд хөлөө эхэлж давуулж тавиад биеийнхээ хажуугаар шургаж гарах зайтай. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд өндрөөс унаж, амиа алдсан болохыг тогтоосон юм билээ. Асуудлын гол нь цонхны тавцангаас гарын хээ, хөлийн мөр олдсон нь гол баримт. Ер нь миний хүү талийгаачтай маргах бүртээ орхиод явчихдаг байсан гэнэ лээ. Талийгаач охин миний хүүгийн араас очдог байсныг хожим мэдсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр миний хүү талийгаачийг зодож, дарамтлаад аваад явчихдаг зүйл байгаагүй. Хэрвээ удаа дараа зодож байсан бол цагдаад тэмдэглүүлэх байсан байх. Энэ хэргийн улмаас аль аль талдаа бид хэцүүхэн байна. Залуу хүүхдүүд нэгнийгээ хайрлаад дурлалцсан асуудал байгаа. Бид чинь биеийг нь төрүүлэхээс биш сэтгэлийг нь төрүүлэхгүй шүү дээ. Үнэхээр ийм явдал болсонд миний зүгээс маш их харамсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих