МОНГОЛ НААДАМД МОНГОЛ МОРЬ УРАЛДАХГҮЙ
МОНГОЛ НААДАМД МОНГОЛ МОРЬ УРАЛДАХГҮЙ

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өчигдөр /2019.05.12/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их нас, соёолон, эрлийз дунд насны ангиллаар  хурдан хүлгүүд уралдсан юм.

Өмнө нь жил жилийн хаврын уралдааныг гуравдугаар сард голчлон зохион байгуулдаг байсан. Гэвч энэ жилээс Засгийн газрын шийдвэр гарч жил бүрийн тавдугаар сарын нэгэн хүртэл өвөл, хавар хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа хийхгүй байхаар тогтсон. Тиймээс энэ жилийн хаврын бүсийн уралдаан зуны тэргүүн сард буюу энэ сарын 12-нд зохиогдсон билээ.

Энэ жилийн хаврын бүсийн уралдаан өмнөх жилүүдийнхээсээ зохион байгуулалтын хувьд тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн нь ажиглагдлаа. Тодруулбал,  зохион байгуулалт тодорхой төвшинд сайжирсан. Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд илүүтэй анхаарч даатгалд хамруулсан. Мөн үүлдэрлэг байдал тогтоох комисс гэх өмнөх шалгуурыг орхиж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжих шалгуур тавьсан нь бас нэг шинэ алхам байлаа.

Гэхдээ сайн зүйлсийн хажуугаар саар зүйл ч их ажиглагдлаа. Жишээ нь ММСУХ-ны их хурлаас гарсан дээрх зөвхөн сэрвээгээр ялгах шийдвэр эргэж харахгүй бол тийм ч сайн хувилбар биш гэдэг нь батлагдлаа. Тодруулбал, дан ганц сэрвээ хэмжиж уралдвал жирийн малчны жинхэнэ Монгол адуу айраг, түрүүнд ирэх нь бараг боломжгүй ажээ.

Учир нь аль эрт адуугаа эрлийзжүүлсэн алдарт, манлай уяачдын 50, 25 хувийн цустай, эрлийз хурдан морьд тэрхүү сэрвээ хэмжих стандартад нь тэнцдэг болчхож. Тэгэхээр Монгол наадамд Монгол адуу уралдана гэх өнөө У.Хүрэлсүхийн уран үг лөөлөө болчхож байгаа юм. Зөвхөн сэрвээ нь тэнцчихвэл ямар ч эрлийз, өндөр цустай адуу уралдах боломжтой боллоо гэсэн үг. Ер нь бол ММСУХ-ны сэрвээ хэмжих шийдвэр нийт уяачдад биш нэг хэсэгхэн эрлийз адуутай уяачдад зориулагдсан шийдвэр болох нь нотлогдлоо. Тиймээс энэ цагаас хойш Монгол наадамд цэвэр Монгол адуу уралдахгүй болсон гэж ойлго.

Дээрээс нь манай тод манлай, манлай, алдарт уяач нар үнэнхүү жудаггүй болчихжээ. Өөрийнх нь эрлийз, хурлийз морьд түрүүлж, айрагдаж хамаг бай шагналыг нь хамж байвал болох нь тэр гэнэ. Өнөө уламжлалт ёс, түмэн олныг цэнгүүлэх явдал тэдэнд огтоос падгүй хэрэг аж.

Жишээлбэл өчигдрийн хаврын бүсийн уралдааны Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн. Улмаар их морь барианд ороход Төв аймгийн Баянцогт сумын харьяат, МУТМУяач Д.Одгэрэлийн хүү Рэнцэнжүгдэрийн бор морь түрүү магнайд хурдалсан юм. Гэвч тэрхүү хурдан хүлэг нь илтэд эрлийз адуу болох нь дэргэдээс нь харсан олон түмэн байтугай, цэнхэр дэлгэцээр үзсэн олон нийтэд танигдаж байлаа. Наадамчин олон ч хүсэн хүлээсэн наадамд нь тийм эрлийз морь түрүүлсэнд таагүй хандлаа.

Гэтэл түмний наадамд эрлийз морьдоо түрүүлж, айрагдуулж булхайцсан тод манлай уяачдын хэн нь ч эрийн жудаг гаргасангүй. Бүгд л нэр хүнд, алдар цол, бай шагналд шунаж эрлийз морьдоо асарт оруулан цоллуулж түмнийг эс цэнгүүллээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих