МУГТ Х.ЦАГААНБААТАР “ДЭЛХИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
МУГТ Х.ЦАГААНБААТАР “ДЭЛХИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Олон улсын самбо бөхийн холбооны 2019 оны хуваарьт багтсан тэмцээний нэг болох А.Харлампиевийн нэрэмжит “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Нийт 10 гаруй орны тамирчид оролцож буй “Дэлхийн цом”-д Монголын баг амжилттай оролцож, медалийн эзэд тодорч эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Ц.Батцэцэг аваргын алтан медаль хүртсэн бол түүний жинд Казахстан, ОХУ, Францын тамирчид медалийн тавцанд зогсчээ.

2019 оны Улсын аварга Ц.Батцэцэг өнгөрөгч хоёрдугаар сард Беларус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлсэн юм. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс хойш олон улсын хоёр тэмцээнд орж аваргын алтан медаль хүртээд байна.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ.

Манай эрчүүдийн амжилт “Дэлхийн цом”-д үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 2019 оны улсын аварга Н.Хадбаатар /”Хилчин”/ мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Европын хошой аварга ОХУ-ын Куржевт ялагджээ.

90 кг-ын жинд Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд самбо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 2019 оны олон улсын тэмцээнийг амжилттай эхлүүллээ.

“Афин 2004” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхөөс гадна самбо зэрэг бөхийн төрлүүдээр хичээллэж байна. Тэрбээр 2019 онд жүдо, самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байранд шалгарсан билээ. МУГТ Х.Цагаанбаатар энэ оны олон улсын тэмцээнийг самбо бөхийн төрлөөр эхлүүлж, хүрэл медаль хүртлээ.

Москва хотод болж буй самбо бөхийн “Дэлхийн цом”-д олон улсын шүүгч, самбо бөхийн дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Х.Батхишиг шүүгчээр ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

68 кг-ын жинд Ц.Батцэцэг түрүүлэв.

Олон улсын шүүгч Х.Батхишиг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих