ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ, ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛ НАРТ “ГЕНЕРАЛ” ЦОЛ ОЛГОНО ГЭВ ҮҮ?
ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ, ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛ НАРТ “ГЕНЕРАЛ” ЦОЛ ОЛГОНО ГЭВ ҮҮ?

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хүнд “генерал” цол олгох зарлиг гаргахаар бэлтгэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ тэрбээр шинэхэн  генералуудын цолыг ирэх даваа гаригт тохиох Монгол цэргийн баяраар олгохоор товлосон бололтой.

Тэгвэл энэ удаад “генерал” хэмээх дээд цолыг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нарт олгохоор тогтсон гэнэ. Тэдний хувьд хууль хүчний байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан тул Ерөнхийлөгч зарлиг гаргаж тус цолыг олгохоор болсон ажээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, хүчний байгууллагын хоёр даргад “генерал” цол олгох нь ээ. Харин олон нийтийн зүгээс сүүлийн үед “генерал” цолыг хавтгайруулан олгож байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа билээ.

Учир нь “генерал” хэмээх цэргийн дээд цолыг энгийн цагт төрийн өндөр тушаалтнуудын үзэмжээр, захиалгаар, эх орны өмнө гавьяа байгуулаагүй хүмүүст олгоод буй явдал юм. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд АТГ, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцад генерал цол олгосон нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлсэн юм. Түүнийг “генерал цол хүртэх хэмжээний гавьяа байгуулаагүй”гэж одоог хүртэл иргэд шүүмжилсээр байдаг.

Гэтэл тэрхүү шүүмжлэл дуусаагүй байхад түүний нэгэн адил цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудад Ерөнхийлөгч Х.Баттулга “генерал” хэмээх дээд цолыг олгох нь ээ.

Ингээд генерал цолонд нэр яригдаж байгаа ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нарын намтрыг танилцуулъя.

ЦЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА С.БААТАРЖАВ

Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр

1985-1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургууль

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага

1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;

1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн  хэлтэст эрүүгийн төлөөлөгч;

1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;

1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга;

1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;

2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;

2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2012 оны 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;

2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

2014 оны 08 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захиралаар томилогдон тус тус ажилласан.

2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.

ТЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ГЭРЭЛ

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал:

1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль;

1981-1983 онд Токиогийн гадаад хэлний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч, хэл судлаач мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1975-1984 онд НАХЯ-нд төлөөлөгч, ахлах төлөөлөгч;

1984-1989 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд атташе;

1989-1993 онд УАБХЕГ-т ахлах төлөөлөгч;

1997-1998 онд УАБХЕГ-т Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга;

1998-2003 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх;

2003-2005 онд ГХЯ-ны Консулын газрын захирал;

2005-2008 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга;

2008-2011 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;

2011-2013 онд ТЕГ-ын дарга;

2013-2017 онд ГХЯ-нд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улаанбаатар санаачлага хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал хариуцсан" тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

2017 оноос ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин. Монголын Элчин сайд нарын клубын Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай. Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч. МҮОХ-ны гишүүн. МҮОХ-ны ”Алтан од” шагналтай.

ТЕГ-ын “Хүндэт ажилтан”, ГХЯ-ны “Хүндэт дипломатч”.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар манай улсад одоогоор энх тунх амьдарч буй 100 орчим генерал цолтон байдаг. Үүнээс Дэслэгч генерал 6, Хошууч генерал 54 бий бөгөөд бусад нь Бригадын генерал юм.

ZASGIINMEDEE.MN

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих