ЗААМАРТ ГАРСАН ОСЛЫН ТАЛААРХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДЭД ДАРГА Д.ЭНХСАЙХАНЫ ЗӨРҮҮТЭЙ ТАЙЛБАР
ЗААМАРТ ГАРСАН ОСЛЫН ТАЛААРХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДЭД ДАРГА Д.ЭНХСАЙХАНЫ ЗӨРҮҮТЭЙ ТАЙЛБАР

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт алт олборлож байгаа  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 100 метр өргөнтэй, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт үүс ч, дөрвөн хүн дарагдсан харамсалтай осол өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны  өдөр гарсан билээ. Осол болсон өдрөөс эхлэн нурангинд дарагдаж сураггүй алга болсон дөрвөн иргэнийг ОБЕГ-ын алба хаагчид уйгагүй эрэн хайсны эцэст цогцсыг нь гаргасан.

Тодруулбал, Аврагчид гуравдугаар сарын 2-ний өдөр 19.04 цагт нэг иргэнийг цогцсыг, гуравдугаар сарын 3-ны өдөр 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол энэ сарын 6-ны өдөр 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ. Харин энэ сарын 9-ны өдөр  дөрөв дахь иргэний цогцсыг гаргасан юм .

Осол гарсан шалтгааныг “Эко Алтан Заамар” ХХК-ийнхан тайлбарлахдаа газар хөдлөлтөөс үүссэн хэмээн одоог хүртэл мэлзсээр байгаа.

Харин тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллах явцдаа МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Осол гарах олон шалтгаан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон зүйлийг тодорхойлсон. Зүүн талд зургаан том нуур бий. Энэ нуурын гурав нь устай. Хамгийн их нь 61,341 м куб устай байна. Энэ гурван нуурын хамгийн захын нуур нь наашаа хальж урсаж нэвтэрч хөлөрч гарч ирсэн байгаа. Үүнийг шинжлүүлнэ. Хойд хананаас нуралт үүссэн байгаа. Ер нь бол тэр цаана байгаа нуурын усыг зайлуулж байж үйл ажиллагаагаа явуулах байсан. Гэвч тэгээгүйгээс болж хөрсний нуралт үүсэх шалтгаануудын нэг болсон” хэмээж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Заамарт гарсан ослын шалтгааныг Мэргэжлийн Хяналтын дэд дарга Д.Энхсайхан өөрөөр тайлбарлаж эхэлжээ. Тэрбээр өчигдөр өгсөн мэдээлэлдээ “Ослын зарим шалтгаанаас дурдахад уурхайн гүний 51 метрт усны судал явж таарсан. Судал таарснаас болоод өвлийн цагт ус тэлээд хаврын улиралд эргэж агшилт өгөөд тодорхой хэмжээнд хөрсний сулралт бий болсон. Өвөл ажиллаж  байсан учраас мөстөлт болж хөрс суларснаас болоод ачааллаа дийлэхгүй  нурсан гэж үзэж байгаа” гэжээ.

Ийнхүү МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханы сүүлд өгсөн тайлбараар бол “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан осол хүний, цаашилбал компанийн буруу биш боллоо. Тэрчлэн түүний тайлбарласнаар бол усны судлаас болж хөрсний сулрал бий болж осол гарчихжээ.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих