ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЛОН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЛОН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо болж байна.

Тус хурлыг МҮОНРТ, Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Дойче Велле академи, Канадын элчин сайдын яамны оролцоотой зохион байгуулж байна.

Монголд хоёр дахь удаагаа болж буй уг хурал Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ хүрээнд баримтыг нягтлан шалгах, дата сэтгүүл зүй, тоон мэдээллийг хүчийг ашиглах аргууд, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, бие даасан хараат бус үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар сайн туршлагаас суралцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг сэтгүүлчдэд олгож байна.

Манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. Гэвч эрэн сурвалжлах төрлөөр дагнан ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тоо 10 хүрэхгүй хэлбэлздэг юм.  Монгол улсын хувьд хууль эрх зүйн орчин харьцангуй боломжийн гэж тооцогддог. Гэсэн ч эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихгүй байх шалтгаан нөхцөл байсаар байгааг “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” олон улсын хуралд оролцогчид онцлосон юм.

Олон улсын хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжилга хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдэх арга замыг хамтдаа эрэлхийж, гарц гаргах гэж байна. Хоёр дахь удаагийн олон улсын хуралд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн, “Хэрхэн яаж хүмүүсийн ярианы сэдэв болох вэ?” гарын авлагын зохиогч Сайд Назакат, Хонг Конгийн их сургуулийн профессор Ийн Чан, Майлайзийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг үүсгэн байгуулагч Стивэн Гэн, Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Патрик Бенинг, Дойче Веллегийн судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жохен Шпангенберг зэрэг төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнах юм байна. Уламжлал ёсоор хоёр дахь удаагаа "Цахиур 2018” уралдааны шагналыг гардуулна.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих