“ЦАГААН ЭРЭГ”-ИЙН НӨХӨР СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЖЭЭ
“ЦАГААН ЭРЭГ”-ИЙН НӨХӨР СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЖЭЭ

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан эрэг хэмээх газарт эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж буй "Өгөөжтэй өв" ХХК-нийн тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг мэргэжлийн байгууллагууд наадмын өмнө гаргажээ.
"Цагаан эрэг"-ийн нөхөн сэргээлтийн ажил 2016 оноос эхлэн хийгдсэн ч бодит үр дүнд хүрэхгүй байсаар гурван жилийн нүүр үзээд байгаа юм. Үүнтэй холбоотой Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрүүгийн Цагдаагийн албаны ЭЗГХТГ, Улсын мөрдөн байцаах газар, МХЕГ, Гадаадын иргэн харъяатын алба, аймгийн МХГ, Цагдаагийн газар, БОАЖГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ОБГ зэрэг байгууллагууд Ховд аймгийн Цэцэг сумын ЗДТГ-тай хамтран энэ оны 06 сарын 21-24-ны өдрүүдэд шалгалт хийж хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Шийдвэрийн дагуу Цагаан эрэгт ажиллаж буй "Өгөөжтэй өв" ХХК-нийн ажилчдын байрлаж байсан гэрүүдийг буулгаж, нүүлгэх, тус компанид ажиллаж байсан хятад иргэдийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч шалгуулан, нутаг буцаах, "Өгөөжтэй өв" компаний зүгээс хууль бус олборлолт явуулж олсон их хэмжээний гянт болдыг хурааж ачуулах зэрэг нэгдсэн арга хэмжээг шуурхай авчээ.

“Өгөөжтэй өв” ХХК нь тухайн газарт баяжуулах төхөөрөмж суулгаж, олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Усны тухай хуулийн 26.1, 30.6 зэрэг заалтыг тус тус зөрчсөн байна.

А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих