ХАНДИВ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
ХАНДИВ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн 102 тоот тогтоол гарагж, төрийн болон олон улсын хүмүүнлэгийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс үзүүлэх хандив, тусламжийг үерт нэрвэгдэж эд хөрөнгийн хохирол учирсан айл өрх, иргэдэд олгох ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятыг томилсон бөгөөд гишүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, аймгийн Улаан загалмайн хороо, Мерси кор, Адра-Монгол, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтсан байна.

Уг асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаас тодруулахад, "2016 оны үерийн дараа иргэдийн зүгээс маш их гомдол гарсан. Зарим айлуудад давхар давхар тусламжид хамрагдаж, зарим нь хохирлоо барагдуулж чадаагүй одоог хүртэл маргаан болж байна. Тийм учраас иргэд, байгууллагууд тус тусдаа хандив, тусламж цуглуулах биш, нэгдсэн зохион байгуулалтад орж хамтран ажиллахаар тогтоол гарч байна. Ажлын хэсгийн ахлагчид өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулж буй хувь хүмүүстэй ярих, ирж буй тусламжийг аймгийн хэмжээнд ганцхан дансанд төвлөрүүлэх, үүнийг зорилтод хүмүүст хүргэх ажилд хяналт тавих үүрэг өглөө" гэлээ.

Энэ сарын 14-18-ны өдрүүдэд Өлгий хотын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Бөхөн уулаас буусан үерийн гамшигт 530 гаруй айл, 2512 иргэн нэрвэгдэж, урьдчилсан байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн хихирол учраад байгаа юм.


Ө.Нурболат

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих