НМХГ-ЫН БАЙЦААГЧИД 15 КГ МУУДСАН МАХ УСТГАЛД ОРУУЛАВ
НМХГ-ЫН БАЙЦААГЧИД 15 КГ МУУДСАН МАХ УСТГАЛД ОРУУЛАВ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-ын 350 гаруй улсын байцаагч, хоёр лаборатори, Нийслэлийн цагдаагийн газрын 3000 гаруй алба хаагч иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хэлтсийн улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг, “НМХГ-ын байцаагч нар Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл, амралтын хүрээлэнд хяналт, шалгалт хийж байна. Одоогоор нийт 392 ААН, 52 иргэнийг хяналт, шалгалтад хамруулжээ. Айргийг зориултын бус саванд худалдаалсан, гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн, зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхлээгүй, эрүүл мэндийн дэвтэргүй зэрэг 57 зөрчил илрүүлэн, 47 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн явуулын лаборатори махны 8 дээж, айрагны 3 дээжийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. Шалгалтын явцад түлш алдагдаж байсан хоёр ААН-ийн төхөөрөмжийг түр салгаж, яаралтай хэвийн ажиллагаанд оруулсан, 15 кг муудсан мах худалдаж байсныг устгалд орууллаа. Гарал үүсэл нь тодорхой бус, баталгаа, зөвшөөрөлгүй газраас худалдаа хийхгүй байхыг наадамчин олонд сэрэмжлүүллээ".

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Зоригтбаатар, “ЦЕГ-ын 3000 гаруй алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Баярын өдрүүдэд ихэвчлэн халаасны хулгайн гэмт хэрэг, бага насны хүүхэд төөрөх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дээр тарааж байна. Нэг хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын камер байршуулсан. Одоогийн байдлаар онц ноцтой хэрэг гараагүй байна” гэв.
Б.Содгэрэл

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих