НААДАМЧИН ОЛОНД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ГУРВАН ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
НААДАМЧИН ОЛОНД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ГУРВАН ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээвэрт 99 чиглэлд их багтаамжийн 638 автобус үйлчилж байна.
Наадамчин олонд зориулж нийтийн тээврийн нэмэлт гурван чиглэл гарган үйлчилж байна. Үүнд, эхний чиглэл нь “Мишээл экспо” болон Дүнжингарав худалдааны төвөөс гурван минут тутамд их багтаамжийн автобус Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд явж байна. Энэ чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх бөгөөд бор өнгийн зөвшөөрлийн таних тэмдэгээр ялгажээ. Бусад Чингисийн өгөн чөлөө, Гандийн гудамж, нийслэлийн гудамжийг дамжин өнгөрөх чиглэлийн автобуснуудыг зөвшөөрлийн улаан өнгөөр тэмдэглэжээ. Иргэдийг нийтийн тээврээр чирэгдэлгүй үйлчлэхээр төлөвлөн зохицуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газрын хэлтсийн дарга Б.Галбадрах хэлж байна. 11-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамчин олонд зориулаад “Мишээл экспо” төвөөс 13 чиглэлд 101, Дүнжингарав худалдааны төвөөс 24 чиглэлийн 176 автобус гарч байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн-“Мишээл экспо”, Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав чиглэлд их багтаамжийн 20 автобус гурван минут тутамд үйлчилж байхаар зохицуулаад байна.

Хоёр дахь чиглэл нь Нарны замын урдах Дундголын рэйлбус зогсох буудлаас Төв цэнгэлдэх хүртэл 3 автобус 10 минут тутамд явна. Гурав дахь чиглэл нь рэйлбусын Амгалан-Давааны зөрлөг чиглэлд 1500 төгрөгөөр үйлчилж, Давааны зөрлөгөөс цааш Хүй долоон худаг буюу морь барианы газар хүртэл 5 автобус 4 минут тутамд 1000 төгрөгөөр явна гэв. Энэ чиглэлийн буюу богино эргэлтээр явах автобус нь зөвшөөрлийн хөх өнгөөр ялгах юм.
Хүй долоон худаг руу рэйлбусаас гадна 10 минут тутамд том оврын автобус үйлчлэх юм байна. Энэ чиглэлийн автобусыг цэнхэр өнгөөр тэмдэгжүүлсэн гэж байна. Мөн Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт автобусны карт цэнэглэх цэгүүдийг байршуулсан гэв. Нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг 7004-4040 болон 11-323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах юм.
Б.Болд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих