ЕСӨН ХӨЛТ ИХ ЦАГААН ТУГИЙГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЗАЛЖ БАЙНА
ЕСӨН ХӨЛТ ИХ ЦАГААН ТУГИЙГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЗАЛЖ БАЙНА

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэллээ.

Есөн хөлт цагаан тугийг Нийслэл хотын төв замаар бүтэн цагийн турш аялуулж, 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залснаар наадмын нээлт албан ёсоор эхэлнэ.

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж, Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Их цагаан тугийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат барьж байхыг бэлгэджээ.

1992 онд батласан шинэ Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхагласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай сүүлээр бүтээсэн юм.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг ганаар хийж, хорин нэгэн дөл сийлж, хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Их цагаан туг гол болон түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг.

Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ.
Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих