Б.УНДРАХ: ХАВДРААР ӨВЧЛӨГСДИЙН ТООГ БУУРУУЛАХАД “НОГООН ГЭР” ТӨСӨЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Б.УНДРАХ: ХАВДРААР ӨВЧЛӨГСДИЙН ТООГ БУУРУУЛАХАД “НОГООН ГЭР” ТӨСӨЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ Хорт хавдар. Одоогоос 20, 30 жилийн өмнө монголчууд бид энэ өвчний тухай мэдэхээсээ мэдэхгүй нь их байв. Өвчлөлийн тохиолдол жирийн нэг хамрын ханиаднаас ч цөөн байсан болоод тэр биз ээ.

Гэтэл өнөөдөр эл өвчин нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж, өвчилсөн таван хүн тутмын гурав нь хорвоог орхиж байна. Ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор л гэхэд дэлхийд тэргүүлж байх жишээтэй. Угтаа, монголчууд бид элдэв байгалийн гамшиг, дайн дажин, өлсгөлөн, шашин хоорондын мөргөлдөөнгүй, хүнэлэг ардчилсан нийгэмд амьдарч, аж төрж байгаа ч өвчлөл, нас баралтын тоогоор ядуу буурай орнуудаас ч өндөр үзүүлэлт байна. Тиймдээ ч эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, хүрэлцээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж тэр бүр хүссэн хэмжээнд хүрч чадахгүй л байна. Тиймээс ч нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувь хүмүүс эл үйл хэрэгт өөр өөрийн боломжоор хувь нэмрээ оруулж буй. Эдгээрийн нэг бол "Батгэрэлт үйлс" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Ундрах билээ.Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг сэтгэл заслын иж бүрэн төвтэй болгохоор зориг шулуудсан эрүүл мэндийн сэтгүүлч, “Ногоон гэр” зорилтот төслийн удирдагч Б.Ундрахтай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө “Батгэрэлт үйлс” ТББ болоод одоо хэрэгжүүлж буй “Ногоон гэр” төслийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

-"Батгэрэлт үйлс" төрийн бус байгууллагын тухайд 2014 онд үүсгэн байгуулагдсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ёсны хүмүүнлэгийн байгууллага юм. Аливаа өвчлөлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж, нас нь улам бүр залуужсаар байгаа энэ үед нийгмийн сайн сайханд чиглэсэн аян, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Загас барьж өгөх бус барих аргыг нь зааж өг гэдэгчлэн манай байгууллага эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй бөгөөд үүний хажуугаар хүмүүнлэгийн ажил өрнүүлдэг. Үүний нэг нь ХСҮТ-ийг сэтгэл заслын орчин үеийн төвтэй болгохоор зорьж байна.

-Угтаа төрөөс хийж хэрэгжүүлэх учиртай ажлыг сайн дураараа барьж авна гэдэг цаанаа нэг шалтгаантай байх?

-Ээж маань 2013 оны намар хорт хавдраар өөд болсон юм. Өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй, бусдад их тусархуу, хүнийг өнгө зүс, өмсөж зүүснээр нь ялгадаггүй, хэн ч бай хүн л гэж хардаг, ханддаг тийм л хүн байв. Одоо бодоход ээж маань эрвийх дэрвийхээрээ бусдад тусалж, итгэл найдвар, гэрэл гэгээ бэлэглэхийг зорьж явдаг нэгэн байж. Тиймдээ ч ээжийнхээ эл үйл хэргийг үргэлжлүүлэх, бусдад буян хийх хүслээр дүүгийнхээ хамт "Батгэрэлт үйлс" ТББ-аа байгуулсан юм. Ийнхүү ээжийнхээ нэрээр овоглосон төрийн бус байгууллага маань 2014 оноос хойш гурван ч төсөл дээр ажиллаа. Жил бүрийн шинэ жилээр амьдралын боломж тааруу айл өрхийн хүүхэд багачуудад эрүүл бэлэг өгч баярлуулдаг. Өнгөрсөн намар л гэхэд "М-Си-Эс Азиа Пасифик Брюэри" ХХК-ний дэмжлэгтэйгээр өрхийн амжиргаа доогуур 11 өрхөд өвлийн иж бүрэн гэр хандивласан гээд эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил цөөнгүй бий.

Ээж, аав хоёрыгоо эл аймшигт өвчнөөр алдсан учир "Ногоон гэр" төслийнхөө хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн дээвэр дээр сэтгэл заслын төв бий болгохоор ажиллаж байна. Хавдраар өвчилсөн хүмүүс сэтгэлзүйн хувьд ямар байдгийг өөрийн биеэр хажуугаас нь харж, мэдэрсэн болохоор энэ ажил руу сэтгэл шулуудан орсон хэрэг. Ээждээ эмчилгээ хийлгэхээр Италид явж байхдаа гадны эмнэлгүүдэд сэтгэл заслын эмчилгээ хичнээн чухал байр суурь эзэлдэг, үр өгөөж нь ч өндөр байдгийг анзаарсан юм. Анагаах өндөр хөгжөөд одоо үед биеийн зовиур шаналалыг эм,тарианы аргаар дарж болж байна. Гэтэл тухайн өвчтөн сэтгэл зүйн хувьд түмэн бодол тээж өвчинөө улам даамжируулж байдаг. Харин “Ногоон гэр” төсөл хэрэгжсэнээр өвчтөнийг сатааруулах, сэтгэл санааг нь дэмжих, бусадтай ойр дотно байлгаж нэг үгээр өвчнөө бодох шаналах зав олгохгүй байх юм.

-Тэгэхээр сэтгэл зүйгээр нь эмнэх гээд байсан гэсэн үг үү?

 Яг тийм. Хавдартай хүмүүст өвчнөө бодох сөхөө өгөлгүй, сэтгэл санаагаар унагахгүй байлгах нь хамгаас чухал байдаг. "Ногоон гэр" төв маань Хавдар судлалын үндэсний төвийн дээвэр дээрх 200 ам.метр талбайд бий болох бөгөөд дээвэр болоод хананы тодорхой хэсгүүдийг шилэн байхаар шийдэх юм. Ингэснээр өвчтөнүүд маань улирал харгалзахгүй, мод бут, цэцэг навч бүхий эко сэтгэл заслын төвдөө цагийг уйдалгүй, үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой болно. Товчхондоо, платандаа элдвийг бодон хэвтэх бус сэтгэл заслын танхимдаа, олны дунд, өвчин зовиураа бодож шаналах завдалгүй байх боломж бий болгох юм. Сэтгэлийг нь эмнэхгүйгээр биеийг нь анагаах боломжгүй гэдэг. Манай төслийн гол агуулга, санаа нь ердөө л энэ. Сэтгэл заслын эмчилгээ орчин үеийн анагаах ухааны ололт амжилтаас ч бодитой, үр дүнтэй нөлөөлөл үзүүлсэн тохиолдол маш олон байдаг. Тэр ч бүү хэл нэг ч эм тариа уулгүй, биедээ нэг ч мэс хүргэлгүйгээр хорт хавдар гэх өвчнийг ялан дийлсэн тохиолдол ч цөөнгүй бий. Тиймээс л Монголдоо цор ганц гэгддэг Хавдар судлалын үндэсний төвөө эхний ээжинд жишиг болгохыг хүссэн хэрэг. Анагаах ухаан өндөр хөгжсөн улс оронд эмнэлэг бүр ийм тасагтай байдаг. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд маань ч үүнийг зах зухаас нь харж, ойлгож Монголынхоо эрүүл мэндийн салбартай харьцуулан жишиж байгаа болов уу.

-200 ам.метр талбайд эко орчин бүхий амралтын өрөө бий болгоход багагүй хөрөнгө мөнгө шаардах байх. Нийт төсөв хөрөнгө нь хэд болох вэ. Мөн хөрөнгө санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх нь сонирхолтой байна?

-Одоогоор барилгын зураг төслийн ажил бүрэн хийгдэж дууссан. Товчхондоо, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдчихвэл шаваа тавиад, ажилдаа ороход бэлэн болсон гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зарлыг урьдчилсан байдлаар 145 сая төгрөг болно хэмээн гүйцэтгэгч байгууллага маань тооцоо судалгааг нь гаргасан. Гэхдээ үүнд дотоод засал чимэглэл, гадна талбайн тохижилтын ажлын хөрөнгө ороогүй. Миний бие өөрөө “JCI Leader” салбар байгууллагын гишүүн бөгөөд төсөл маань тус байгууллагаас 2018 онд хэрэгжүүлэх төслийн нэгээр шалгарсан. Эхний ээлжинд гишүүдийн зүгээс 10 сая орчим төгрөгийн хандив өгөхөө мэдэгдсэн. Манай салбар байгууллага төслийн санааг дэмжин нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө “Ногоон гэр” зорилтот төслийг хэрэгжүүлэх болсонд миний зүгээс туйлийн баяртай байна. JCI-ийнхээ залуусаар төслийн багаа бүрдүүлээд тун удахгүй албан ёсны нээлтээ хийж, хандив цуглуулах үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах болно. Товчхондоо, сайн санаат олон түмнээсээ тусламж хүсч байгаа юм.

- Зураг төсөл нь хийгдчихсэн болохоор барилга угсралтын ажил энэ жилдээ эхлэх боломжтой юм байна. Ер нь, сэтгэл заслын танхимаа бүрэн дуусгах  цаг хугацааг хэдийгээр гэж харж, тооцоолж байна?

-Бид энэ ондоо багтаад энэ ажлын ард гарахаар зорьж байна. Цаг алдалгүй, ядаж нэг ч гэсэн хүнд итгэл найдвар өгөхийг хүсч байна. Хэрэв хөрөнгө мөнгөө шийдчихвэл барилга угсралтын ажил маань хоёрхон сарын хугацаанд хийгдэх боломжтойг гүйцэтгэгч “Эс Эй” констракрашны хамт олон хэлж байгаа. Тиймээс “Ногоон гэр” төслөө нийтэд албан ёсоор танилцуулж, хандив цуглуулах ажлаа эрчимжүүлэх юм. Ер нь, заавал нийт хөрөнгө мөнгөө цуглуулж байж эхэлнэ гэлгүй байгаа боломжоо ашиглан эхний ээлжийн материал хангамжаа татан авч, шаваа тавих бодолтой байна. Цаасан дээр байсан ажил биетээр бий болж эхэлмэгц хүмүүсийн хандлага ч дагаад өөрчлөгдөнө шүү дээ.  Үүнд манай монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидний гаргасан энэхүү зорилтот төсөлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Хавдар судлалынхан та бүхний эл санаачлагыг хэрхэн хүлээж авав. Түүнчлэн, тус эмнэлэг саяхан өргөтгөлийн барилгаа хүлээн авсан. Өргөтгөлд нь сэтгэл заслын иймэрхүү төв бий болгосон үгүй нь сонин байна?

-Хавдар судлалын удирдлагууд үнэхээр нааштай хүлээн авч, дээврийн хэсэгтээ зай талбай гаргаж өгсөн. 2014 онд буюу Төмөрбаатар даргыг ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байхад албан бичгээ өгч байсан юм. Өргөтгөлийн тухайд жижигхэн сэтгэл заслын өрөөтэйгөөр хийгдсэн юм билээ. Сэтгэлзүйн засалд оройн зайн хувьд төдийгүй гадаад орчин их нөлөөлдөг. Тиймээс дэлхий дахинд сэтгэлзүйн тусламж үйлчилгээний хэлбэр, төрөл маш олон байдаг ч ихэнх нь бидний бий болгохоор зорьж буй сэтгэл заслын өрөө, танхимд суурилдаг юм билээ. Мэдээж эмнэлгийн ор, хүчин чадал, ачааллаас хамаараад харилцан адилгүй байдаг ч аль болох уужим саруул, ногоон байгууламж, ургамал цэцэг ихтэй, цэлгэр том цонхтой байх ёстой. Бидний зүгээс сэтгэл заслын төвийнхөө дээврийн тодорхой хэсгийг зориудаар шилэн хийцтэйгээр шийдэж байгаа юм. Хана нь шалнаас тааз хүрсэн шилэн байх бөгөөд дотроо кофе шоп, элдэв хөгжөөнт тоглоом, зураг зурах зориулалтын ширээ сандал, жижигхэн тайз, дэлгэц, шатар даамнаас өгсүүлээд олон зүйл төлөвлөсөн. Миний зүгээс олон арван өвчтөний түүхтэй танилцаж, сонирхон судалж үзсэн л дээ. Хараад байхад дээр хэлсэнчлэн сэтгэлийг нь эмнэхгүйгээр биеийг анагаах боломжгүй гэдэгчлэн сэтгэл заслын эмчилгээгүйгээр бусад эмчилгээ үр дүнгээ өгөх нь ч муу байдаг юм байна. Орчин үед ч хавдрын эмнэлэг, эмчилгээг сэтгэл заслын эмчилгээнээс ангид авч үзэх боломжгүй юм.

-Төсөл хэрэгжсэнээр хүлээж буй үр дүнг сонирхвол?

-Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг иж бүрнээр нэвтрүүлснээр эдийн засгийн хувьд ч мэдэгдэхүйц үр өгөөж өгнө гэдэг итгэлтэй байна. Сэтгэл өөдрөг байгаа хүн ядаж л таван тариа хийлгэхээс хоёр, гурвыг нь хийлгэнэ. Ингээд харахаар эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой. Үгээр хүнийг үхүүлж болно гэдэг шиг сэтгэл санаа нь эрүүл, тогтвортой, өөдрөг тайван байгаа хүн элдэв эм тарианаас ч хамаарал багатай болдог. Түүнчлэн, төсөл хэрэгжсэнээр Хавдар судлалын үндэсний төв маань улсын хэмжээнд жишиг эмнэлэг болоод зогсохгүй цаашид энэ төрлийн сэтгэл заслын эко төвүүдийг орон нутаг, бүсийн эмнэлгүүдэд бий болгоход туршлага болох сайн талтай. Хамгийн гол нь, ийм төв бий болгосноор хавдраар өвчилсөн хүмүүст зөвхөн нэг удаагийн тус дэм болох биш цаашид олон арван жил, зуу зуун хүнд үр өгөөжөө өгнө. Хөрөнгө мөнгө байгаад өвчтэй зовлонтой хүмүүст нэг удаагийн эм тариаг нь аваад өгөх нь сайн хэрэг ч хожим хойчийг бодож, олон хүнд үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Манай "Ногоон гэр" төсөл үүнийг л гол болгон ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Санаж бодсон зүйл тань сэтгэлчлэн бүтэж, олон арван хүнд итгэл найдвар, сэтгэлийн дэм болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье.

 

                                                                                                                                                                                                                                                             Ярилцсан: Ч.Гүн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих