ДИЙЛЭНХ РЕСТОРАНУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД И-БАРИМТ ОЛГОХГҮЙ БАЙГАА ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
ДИЙЛЭНХ РЕСТОРАНУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД И-БАРИМТ ОЛГОХГҮЙ БАЙГАА ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Нийтийн хоол, рестораны чиглэлээр Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт хийлээ. Ажлын хэсэг шалгалтын эхний өдөр 20 гаруй ААН-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийхэд долоон аж ахуйн нэгж үйлчлүүлэгчдэд И-баримтыг зохих журмын дагуу хэвлэн олгож байсан бол 13 ААН иргэдэд И-Баримт өгөөгүй байжээ. Мөн хоёр дахь өдөр нь хийсэн шалгалтад баримт хэвлэж өгөх явдал мөн л хангалтгүй түвшинд байсан байна.  
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгавар гарсны дагуу хйисэн дээрх шалгалтыг аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар хамтран хийжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгохоор заасан байдаг. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу И-баримтыг иргэдэд олгох ёстой байдгийг албаныхан хэлэв.
Аймгийн Засаг даргын албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг дараагийн ээлжинд хүнсний худалдаа эрхлэгчдийн НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон эсэх, иргэдэд татварын баримтыг хэвлэн өгч байгаа зэрэгт хяналт шалгалтыг хийхээр төлөвлөжээ.
И-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардан авч, бүртгүүлж хэвшсэнээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Баянхонгор аймагт 1500-16600 төгрөгийн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон дөрвөн тохиолдол байна. 
Сонирхуулахад, ард иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримтын талаарх санал гомдлыг Монгол Улсын Татварын ерөнхий газрын 1800-1288, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249 дугаарын утсаар хүлээн авдаг байна.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих