Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья
Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар буцааж тавья

Улс төр, нийгмийн хүрээллийн ярианы гол сэдэв тагнуулын экс дарга Б.Хурц болж байна. Тэгэх нь ч аргагүй. Хоёр жил гаруйн хугацаанд хууль бусаар хүн хулгайлж, хил давуулсан хэргээр Англи, Германы шоронд хоригдож асан тэрээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт олон улсын “Чингис хаан” нисэх буудалд буусныхаа маргааш Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тохоон томилогдож байсан нэгэн. Албан тушаал, үүрэг статус нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга ч Англи, Германы шоронд хоригдож байсан шигээ тэрээр энэ үеэс олон нийтийн өмнө дахин ил гараагүй юм.

Гэхдээ түүнийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн үеэс МАХН-ын дарга Н.Энхбаярын, түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарын, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн, “МИАТ”-ийн экс удирдлагуудын, “Цэвэр агаар сан”-гийн гээд олон арван улс төр, нийгмийн анхаарлыг татсан хэрэг хууль хяналтын байгууллагын хаалга татаж, шүүхээр дэнслүүлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, Б.Хурцыг АТГ-ын гүйцэтгэх ажиллагааг гардан зохион байгуулах эрх бүхий дэд даргын албан тушаалд очсоноос хойш тус газар жараахай биш тул

агнаж эхэлсэн нь энэ байв. АТГ Авлигын эсрэг мануухай биш манаач болсон гэсэн үг.

Эдгээр хэргээс үүдэж Авлигатай тэмцэх газрыг чиглэсэн, чичилсэн улстөрчдийн “махны машин”, “хадны мангаа” гэсэн нэршил, тодотгол, хардлага ээлж дарааллан хөвөрсөн ч тус газрын мөрдөн байцаагч нарын сэжүүрээс нь атгасан хэрэгт холбогдогчдод зохих ялыг нь шүүхээс ногдуулсан билээ. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй ч Авлигатай тэмцэх газраас илрүүлсэн дээрх хэргүүдийг шүүх дэнсэлсэн нь энэ. Эндээс Б.Хурц Авлигатай тэмцэх газрын дэд даргын албыг хангалттай сайн гүйцэтгэсэн мэт. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эхний шийдвэрээрээ түүнийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаас Тагнуулын ерөнхий газрын дарга болгон дэвшүүлсэн юм. Ингэж л инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй Б.Ариунсангийн оронд мэргэжлийн тагнуулч Б.Хурц тагнуулдаа эргэн ирсэн билээ.

Тагнуулын байгууллага гэдэг АТГ бодвол олон нийтийн өмнө ил гараад байдаггүй, үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явдаг. Энэ чиг шугамаар л Б.Хурц өнгөрсөн гурван жилийн хугацаанд явсан. Гэвч түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газраас гаргаж, Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирсэн нь гал дуудах шалтгаан болж байх шиг. Ингэхдээ бүр УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн тухай баримт дэлгэсэн нь Б.Хурцыг чиглэсэн шүүмжлэлийг улам өдөөж орхилоо. Зарим нь Монгол Улсыг гадаад түвшинд муухай харагдуулж байна хэмээн зүхэв. Тийм ч байж болох. Гэхдээ Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй тухай яриа өмнө нь хэвлэлээр нэг бус удаа гарч байсан. Харин түүнийг нь Б.Хурц тодотгосон л хэрэг. Тийм атал тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа олж цуглуулсан мэдээллийг ил болголоо хэмээн түүнийг зүхэх нь өрөөсгөл. Өмнө нь хэвлэлээр гарсан мэдээллийг л тодотгосон шүү дээ. Гагцхүү Байнгын хорооны хуралдаанд Б.Хурцын хэлсэн үг томилгоо бүрийн ард хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүд ашиг сонирхлоо наадаг, ямар нэгэн байдлаар барьцаалж шийдвэр гаргадаг жишгийг тас цохиж чадсан юм.

Үүгээр Б.Хурцыг зүхэх, чичлэх биш харин ч түүнд талархах ёстой. Анзаарсан бол төрийн тогтолцооны уялдаа, хүндэтгэх, хүндлэх ёс алдагдлаа хэмээн хамгийн их хашгирч байгааг. Улстөрчид, УИХ-ын гишүүд л байгаа биз. Харин УИХ-ын гишүүний асуултад л хариулснаараа Б.Хурц буруудлаа. Буруудах

гэхээсээ төрийн албанд бугшсан идээ бээрийг зоригтойгоор илчилж чадна гэдгээ харуулчихлаа. Зөвхөн намын томилгоотой, улс төрийн зорилготой хууль хяналтын байгууллагад очдог гэсэн ойлголтыг тэр үгүйсгэж чадлаа. Гэхдээ тэр бол тангараг өргөсөн, үүрэг хүлээсэн цэргийн хүн. Өнгөрсөн хугацаанд түүгээрээ л ажилласан. Тиймээс тагнуулч Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар нь буцааж тавъя. Авлигатай тэмцэх газрыг мануухай байхад нь

манаач, жараахай биш тул дэгээддэг болгосон шигээ тэр тагнуулын байгууллагыг тагнуул шиг ажиллуулж чадна.

Улстөрчид хуулийн байгууллагад хөгжим захиалдаг, удирдлагыг нь утсан хүүхэлдэй болгосоор байхад шударга ёсны тухай мянга хашгираад нэмэргүй. Удирдлагыг нь хэдэн удаа, хэнээр ч сольсон утсан хүүхэлдэй хэвээр л байна. Харин хуулиа биелүүлэхийг шаарддаг, мөрдөхийг сануулдаг, удирдлага нь хэнээс ч бэргэж, эмээхгүйгээр үгээ хэлчихдэг байж шударга ёсны хөрс суурь бүрэлдэх учиртай. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих