Сураггүй болсон охиныг 500-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайж байна
Сураггүй болсон охиныг 500-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод тав хонож байна.

Охиныг  Д.Сэржмядаг гэдэг бөгөөд  130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ны өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болсон, багш нь хичээлээсээ хоцорсон хэмээн оруулаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл цацагдсан ч аль нь ч нотлогдоогүй байна. Учир нь Зам-Үүд суманд арваадхан камер байдгаас ердөө хоёрхон нь ажилладаг гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

Тухайн өдөр Д.Сэржмядаг охин 12 настай төрсөн эгчийн хамт гэртээ хоёулханаа байжээ. Аав, ээж хоёр нь аймгийхаа төв рүү явсан байсан юм байна. Тухайн өдрийн өглөө 12 настай эгч нь хичээлдээ явахад дүү нь гэртээ унтаад үлджээ. Учир нь хичээл нь үдээс хойш ордог байж. Ингээд эгч нь хичээлээ тараад, эмнэлэг орчихоод ирэхэд дүү нь хичээлдээ гарч явсан бололтой гэрээ цоожлоод явсан байжээ. Ингээд л түүнээс хойш сураггүй болсон байна.

Эрлийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд 500-аад хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдохгүй байгаа аж. Хил гаргасан байж магад гэх үндэслэлээр мөн л шалгалтын ажиллагаанууд хийхэд ямар нэг сэжүүүр, баримт олдохгүй эрэл мухардаад байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Охины аав ээж аргаа барахдаа уул хаданд нуусан байж магад хэмээн мөн  л эрлээ үргэлжлүүлж буй аж. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сурвалжлах баг Замын-Үүдэд ажиллаж буй бөгөөд охины аав ээжтэй уулзсан байна. Охины аав ээж сэтгэл санааны маш хүнд байдалд орсон, охиныхоо хоёр гутлыг сугандаа хавчуулчихаад охин минь хурдан олдоосой хэмээн домнон сууж байв. Охины ээж ярихдаа “Миний охиныг хүчирхийлэл, хүний наймааны бүлэглэл авч явсан гэж бодож байна” хэмээн уйлж байв.

Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллээд байна. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хүлээн авч байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих